Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Монголын Тухай Тайлан

2007 оны Шашны эрх чөлөөний тухай тайлан

Монгол Улс

Үндсэн хуулинд шашны эрх чөлөөний талаар заасан бөгөөд практикт Засгийн газар энэхүү эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэхдээ аливаа шашны байгууллага, лам санваартны бусдыг өөрийн шашинд оруулах үйл ажиллагааг хуулиар хязгаарласан байдаг ба төрийн байгууллагын зүгээс шашны зарим бүлэгт хүнд суртал гаргаж, тэднийг бүртгэхээс татгалзах тохиолдол гардаг.

Энэхүү тайлангийн хугацаанд Засгийн газрын зүгээс шашны эрх чөлөөг хүндэтгэх байдалд өөрчлөлт гараагүй.

Шашин шүтлэгээс үүдсэн нийгмийн зүй бус харьцаа буюу шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан тохиолдлууд гарсан бөгөөд зарим тохиолдолд Христийн шашинд орсон монголчуудад дарамт учруулсан ажээ.

АНУ-ын Засгийн газар хүний эрхийг дэмжих ерөнхий бодлогынхоо хүрээнд тус улсын засгийн газартай шашны эрх чөлөөний асуудлын талаар санал бодлоо солилцдог.

I хэсэг. Шашны хүн ам зүй

Тус улс нийт 604,247 хавтгай дөрвөлжин миль нутаг дэвсгэртэй бөгөөд 2.9 сая хүн амтай. Буддын шашин нь тус улсын соёлын уламжлалтай нягт холбоотой. 1990 онд шашин, уламжлалт зан заншлыг хянах социалист хяналт устсанаас хойш Буддын шашны үйл ажиллагаа өссөн. Орон нутгийн эрдэмтдийн үзэж байгаагаар нийт монголчуудын 90 гаруй хувь нь Буддын шашны ямар нэг хэлбэрийг шүтдэг. Гэхдээ шүтэх хэлбэр нь маш өөр өөр байдаг. Төвдөөс гаралтай Буддын шашны урсгал тус улсын уламжлалт зонхилох шашин юм.
 
Ихэнх нь исламын шашин шүтдэг казахчууд тус улсын хамгийн том үндэсний цөөнх бөгөөд тус улсын нийт хүн амын 6 орчим хувь, баруун зүгт орших Баян-Өлгий аймгийн хүн амын 80 хувийг тус тус эзэлдэг ажээ. Исламын шашинтнууд Баян-Өлгийд 40 орчим  мечеттэй, Улаанбаатарт исламын 4 төвтэй бөгөөд нийтдээ 3000 орчим сурагчидтай. Мечетүүд болон Исламын төвүүд Казахстан, Турк, Персийн булангийн улсуудын шашны байгууллагуудаас санхүүгийн тусламж авдаг.

Тус улсад цөөн тоотой боловч улам бүр өсөн нэмэгдэж буй Христийн шашинтнууд бий. Христийн сүм хийдийн албаны хүмүүсийн тооцоолсноор хүн амын 4 гаруй хувь нь Христийн шашин шүтдэгийн 90 хувь нь протестант, 9 хувь нь Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд (Мормон) харъяалагддаг ажээ. Католик болон үнэн алдартны шашинтнууд үлдсэн нэг хувийг бүрдүүлнэ. Зарим иргэд голдуу бусад шашны зэрэгцээ бөө мөргөлийг шүтдэг боловч бөө мөргөлтний тоог гаргасан найдвартай статистик мэдээ байхгүй.

Тус улс даяар бүртгэлтэй шашин шүтлэгийн 432 газар байдгаас 217 нь Буддын шашны, 161 нь Христ шашны, 44 нь Исламын шашны газар байсан бол, Бахайн болон бөө мөргөлийн тус тус 5 газар байлаа. Энэ тайлангийн хугацаанд Яам Христийн 18 сүм, Исламын шашны 20 мечет, бөөгийн шашны 3 сүмийг тус тус бүртгэн авчээ. Евангелийн Христүүд улс даяар бүртгэлгүй 250 евангелийн сүм хийд байгаа болохыг тооцоолсон.

II хэсэг. Шашны эрх чөлөөний байдал

Эрх зүй/бодлогын хүрээ

Үндсэн хуулинд шашны эрх чөлөөний талаар заасан бөгөөд бусад хууль тогтоомж шашныг чөлөөтэй шүтэх эрхэд хувь нэмрээ оруулсан. Гэхдээ аливаа шашны байгууллага, лам санваартны бусдыг өөрийн шашинд оруулах үйл ажиллагааг хуулиар хязгаарласан байдаг ба бүртгүүлэхийг хүссэн шашны зарим бүлэг хүнд сурталтай тулгарах тохиолдол гардаг. Үндсэн хуулиар төр, сүм хийдийн тусгаар байдлыг илэрхий хүлээн зөвшөөрсөн.

Хэдийгээр тус улсад төрийн шашин байхгүй боловч Буддын шашинт төрийн албан хаагч олон хүн Буддын шашин нь тус улсын “төрөлх шашин" гэж үздэг. Засгийн газар шашин, түүх, соёлын чухал төвүүд болох Буддын шашны хэд хэдэн газрыг сэргээн босгоход хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлжээ. Засгийн газар Буддын шашныг болон өөр аливаа шашны бүлгийг үүнээс өөр байдлаар дэмжиж тэтгээгүй.

Шашны бүлэг хууль ёсны байгууллага болж үйл ажиллагаа явуулахын тулд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн хүчинтэй хугацаа нь нэг жил л байдаг учир шашны байгууллагууд жил бүр дахин бүртгүүлэх ёстой. Энэхүү ажиллагаагаар дамжуулан Засгийн газар өргөдөл шалгаж, улмаар шашны байгууллагууд шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж шалгаж, шашны мөргөлийн газар болон лам санваартны тоог хянаж, хязгаарлах боломжтой. Засгийн газар ялангуяа орон нутгийн түвшинд зарим үед бүртгэлийн ажиллагааг шашны мөргөлийн газрын тоог хязгаарлах механизм болгон ашигладаг. Гэхдээ засгийн газар орон нутгийн дор хаяж нэг засаг захиргаанд Христ шашны сүм хийдийг бүртгээгүйнх нь төлөө торгууль ногдуулжээ.

Шашны бүлгүүд ийнхүү бүртгүүлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд дараах баримт бичгийг бүрдүүлж өгөх ёстой: бүлгийг бүртгүүлэхээр дээрх яаманд гаргасан өргөдөл, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу бусад эрх бүхий байгууллагаас шашны үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бичиг, байгууллагын товч танилцуулга, байгууллагын дүрэм, байгууллагыг байгуулсан тухай баримт бичиг, удирдагчдын нэрсийн жагсаалт, шашны үйл ажиллагаа эрхлэх хүний товч намтар, шүтэгчдийн тоо. Хууль зүй, дотоод хэргийн яам байгууллагын өргөдлийг батлах эцсийн эрх мэдэлтэй байдаг нь ерөнхийдөө ёс төдий  зүйл байдаг шинжтэй. Практикт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өргөдлийг шийдвэрлэдэг бөгөөд ялангуяа шашны бүлгүүд хөдөө орон нутагт ажиллахыг хүсч байгаа тохиолдолд орон нутагт тусад нь бүртгүүлэх шаардлагатай. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоосоо өмнө дээрхтэй төстэй бичиг баримт шаарддаг.

Төрийн харъяалал бүхий сургуулиудад шашны сургалт явуулахыг хориглодог.  Буддын шашны сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг сурагчдад заахад зориулж улсаас санхүүжилт авч болох ч, шашны болон тусгай сэдвүүдийн сургалтын зардлыг өөр эх сурвалжаасгаргах ёстой. Улаанбаатар хотод Буддын шашны лам бэлтгэдэг нэг сургууль бий.

Шашны эрх чөлөөг хязгаарлах байдал

Урьдчилан бүртгүүлэх болон жил тутам сунгуулах ажиллагаа нь хоёулаа шашны бүлгүүдэд дарамт болдог. Энэ ажиллагааны үргэлжлэх хугацаа, бүрдүүлэх баримт бичиг зэрэг нь зарим байгууллагуудыг өргөдөл гаргахаас халшрахад хүргэдэг. Орон нутгийн албан тушаалтнууд Христийн сүм "хэт олон” байна гэх буюу шинээр бүртгүүлж байгаа Буддын шашны болон Христийн шашны сүм хийдийн тоо ядаж ойролцоо байх ёстой гэж мэдэгдсэн хэмээн Христийн шашны бүлгүүд мэдээлсэн.

Улаанбаатарт ойрхон байдаг Төв аймгийн эрх баригчид Христийн сүм хийдийг бүртгэхээс байнга татгалздаг. Тус аймагт одоогийн байдлаар бүртгэлтэй Христийн сүм хийд нэг ч байхгүй бөгөөд тайлангийн хугацаанд хэд хэдэн Христийн сүм хийдийн бүртгүүлэх өргөдөлд татгалзсан хариу өгчээ. Төв аймгийн эрх баригчид баг, сум, аймгийн түвшинд бүртгэл шаардаж, бүртгэлийн ажиллагааг улам төвөгтэй болгосон. Урьд өмнө нь бүртгэлийг зөвхөн аймгийн түвшинд хийдэг байжээ. 2007 оны 5-р сард Хүний эрхийн үндэсний комисс албан ёсоор гомдол гаргасны хариуд, Засгийн газар Төв аймгийн эрх баригчдийг Христийн сүм хийдийг бүртгээгүйнх нь төлөө торгосон.

Бүртгэлгүй шашны байгууллагууд практикт их төлөв үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг боловч эрх баригчидтай харилцахад дарамт бэрхшээлтэй тулгардаг ба гадаадаас лам санваартан авчрахдаа виз авах боломжгүй байдаг. Түүнчлэн бүртгэлгүй сүм хийдэд орон нутгийн татварын байцаагчид болон цагдаагийн ажилтнууд байн байн ирж шалгалт хийн үйл ажиллагаанд нь дарамт учруулдаг. Гэхдээ ийм сүм хийдийг торгосон гэх мэдээлэл байхгүй.

Улаанбаатар хот дахь Ислам шашинтнууд Дархан-Уул болон Орхон аймгуудад мечет барихын тулд бүртгүүлж, газар авахад хүндрэл учирсан хэмээн мэдэгдсэн. Гэхдээ тэд Улаанбаатар хотод Ислам шашны соёлын төв ба мечет барих явцад ямар нэг асуудал гараагүй гэж мэдээлжээ.

Боловсролын яам удирдамж гарган гадаад хэлний буюу бусад сургалтыг шашны сургалттай хослуулахыг хориглосон. Энэхүү хориглосон журмын хэрэгжилтийг ялангуяа нийслэл хотод хатуу хянадаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэхүү журмыг зөрчсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Хууль зөрчсөн шашны бүлгүүдийн бүртгэлийг сунгахгүй байж болно. Хэрэв хувь хүн хууль зөрчвөл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлахыг ажил олгогчоос нь засгийн газар хүсч болно. Тайлангийн хугацаанд ийм тохиолдол гараагүй.

Бүртгэлтэй шашны бүлгүүдийн бусдыг өөрийн шашинд оруулах үйл ажиллагааг хуулиар хориглоогүй боловч үүний тулд “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг” хориглож хязгаарласан байдаг. Тайлангийн хугацаанд шашны тайван үйл ажиллагааг хязгаарлахын тулд энэ хуулиар ялласан буюу энэ хуулийг бүрхэг тайлбарласан тохиолдол гараагүй.

2007 оны 10-р сард цагаачлалын хатуу арга хэмжээ авах үед олон тооны гадаадын иргэдийг цагдаагийн ажилтнууд саатуулах үед паспортоо авч яваагүй гэх шалтгаанаар цагдаагийн хэлтэст аваачин удаан хугацаагаар байцаажээ. Азийн орнуудын иргэд илүү хатуу хяналтад өртсөн бөгөөд олон хүн Засгийн газар цагаачлалын асуудлыг Христийн шашныг "дарах" шалтаг болгож байна гэж боджээ. Шашны виз олгодоггүй ажээ.

2007 оны 8-р сард Монгол дахь Буддын шашны хамгийн том сургуулийн тэргүүн Хамба лам Баянхонгор аймагт айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр аймгийн албан тушаалтнууд засаг захиргааны ажилтнуудыг Хамба ламтай хийх уулзалтад заавал оролцох ёстой гэж үүрэгдсэн бөгөөд энэхүү уулзалт дээр Монгол дахь Буддын шашны ач холбогдлыг тайлбарлаж, Буддын шашны ёслол үйлджээ. Засаг захиргааны Христ шашинтай зарим ажилтан энэ уулзалтад суусан бөгөөд үүнийхээ дараа Буддын шашны ёслолд хүчээр оролцуулсан гэж гомдол гаргасан. Хамба лам сүүлд АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзахдаа Хууль зүй, дотоод хэргийн яамны зөвшөөрөл олгох процессийн улмаас Улаанбаатарт шинэ сүм, хийд бүртгүүлэхэд хүндрэлтэй байдгийг ярьж байлаа.

Тус улсад шашны хоригдол буюу шашин шүтлэгийн улмаас баривчлагдсан этгээд байхгүй.

Шашинд хүчээр оруулах

Шашинд хүчээр оруулсан, үүний дотор Америкийн Нэгдсэн Улсаас АНУ-ын бага насны иргэдийг хүчээр авч явсан, хууль бусаар гаргасан буюу ийм иргэдийг Америкийн Нэгдсэн Улсад буцаахыг хориглосон тохиолдол гараагүй.

Шашны эрх чөлөөний талаар гарч байгаа ахиц дэвшил, эерэг үйл явц

2008 оны 5-р сард анх Долоодахь өдрийн Адвентист сүм хийдийн удирдагчдын байгуулсан бүлэглэлийн бус, төрийн бус байгууллага болох Олон улсын шашны эрх чөлөөний холбоо (ОУШЭЧХ) Монгол дахь шашны эрх чөлөө сэдвээр симпозиум зохион байгуулав. Тус арга хэмжээнд дотоодын мэргэжилтнүүдээс гадна Америкийн Нэгдсэн Улс, Орос, Азийн бусад улсын мэргэжилтнүүд оролцсон. Тус улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр энэ арга хэмжээг бүрэн дэмжсэн бөгөөд ОУШЭЧХ-ны төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар Засгийн газрын зүгээс эерэг хандлага гаргажээ.

III хэсэг. Нийгмийн зүй бус хандлага, ялгаварлан гадуурхалт

Энэ тайлангийн хамрах хугацаанд шашин шүтлэг дээр үндэслэсэн нийгмийн зүй бус хандлага, ялгаварлан гадуурхах тохиолдол хэд хэд гарсан. Иргэд бусдын шашин шүтлэгт ерөнхийдөө хүлцэнгүй ханддаг. Гэхдээ зарим газар Христ шашинтнууд, ялангуяа Христ шашинтай гадаадын иргэд болон Христ бус иргэдийн хооронд зөрчил гарсан.

Тайлангийн хугацаанд Христ шашны сүм хийдийн эрх баригчдын мэдээлснээр Улаанбаатар хотод Христ шашинтай гадаадын иргэд гэмт халдлага буюу бусад гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдол олон гарсан боловч эдгээр гэмт хэрэг нь шашны сэдэлтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Нэгэн Христ шашны сүм хийдийн удирдагчийн хэлснээр 2008 оны 3-р сард Христ шашинтай гадаадын 4 иргэнийг нэг эр гудамжинд хоргоож, мөнгө нэхсэн бөгөөд мөнгө өгөхгүй бол тэднийг цугларалтаас нь “олно шүү” гэж айлган сүрдүүлжээ. Мөн 3-р сард согтуу бололтой өсвөр насны хүүхдүүд Христ шашинтай гадаадын нэгэн иргэн рүү халджээ.  2008 оны 2-р сард Христ шашны бүлэг дундын сүм хийдийн нэгэн удирдагч гадаадын иргэний мэдээлснээр нэг хүн гэрийнх нь цонх руу тоосго шиджээ.

Баянхонгор аймагт хүн амын олонхи болох Буддын шашинтнууд болон Христ шашинтай гадаадын иргэдийн хооронд хурцадмал байдалтай байсаар байна. Тайлангийн хугацаанд Христ шашинд орсон иргэд Буддын шашны овоог (тахидаг чулуун овоо) сүйтгэж, өөрсөддөө байсан олон тооны бурхныг устгажээ. Христ шашны номлогчид Буддын шашинтнуудын эсрэг үүнтэй төстэй гомдол гаргасан. Иймэрхүү явдал Төв аймаг болон Улаанбаатар хотын Багануур дүүрэгт гарсан.

Христ шашинд орсон хувь хүмүүсийг гэр бүлийн гишүүд нь шашнаас нь татгалзуулахын тулд дарамталсан гэх мэдээлэл байна. Христ шашны сүм хийдийн нэгэн удирдагчийн мэдээлснээр Улаанбаатар хотод Христ шашинд орсон, удалгүй шашин дэлгэрүүлэх үйл хэргээ эхлэх гэж байсан 25 настай монгол залууг 2008 оны 2-р сард гэрийнхэн нь гэртээ цоожилжээ. Тэр залуу улмаар шашин дэлгэрүүлэх ажлаа цуцалсан.

Буддын шашныг тус улсын “уугуул шашин” гэж итгэдэг зарим иргэд Христ шашинтнууд хүмүүсийг эд хөрөнгөөр шашиндаа татдаг явдлыг шүүмжилдэг ажээ.

IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого

АНУ-ын Засгийн газар хүний эрхийг дэмжих ерөнхий бодлогынхоо хүрээнд тус улсын засгийн газартай шашны эрх чөлөөний асуудлын талаар санал бодлоо солилцдог. Тайлангийн хугацаанд АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар Засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд санал бодлоо солилцсон. Эдгээр уулзалтаар АНУ-ын Засгийн газрын анхаарлыг татсан олон асуудлыг, үүний дотор Христ шашны бүлгүүд бүртгүүлэх явцад учирдаг бэрхшээлийн талаар ярилцсан. Элчин сайдын яамны албан тушаалтнууд тус улсын шашны удирдагчидтай байнга уулздаг бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссыг шашны эрх чөлөөг хэрэгжүүлэх асуудлаархи хүчин чармайлтаа өргөжүүлэхийг хөхиүлэн дэмжсэн.

Тус Элчин сайдын яам НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчийн газартай байнгын харилцаа холбоотой байж, шашны эрх чөлөө болон хүний эрхийн бусад асуудлаар санал бодлоо солилцдог.