Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Илтгэл, өгүүлэл болон бусад чухал бичиг баримтууд

Элчин Сайд Кэмбэллийн анхны нийтлэл

 2012 онд Америкийн Нэгдсэн Улс ба Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа учир энэ жил хоёр орны харилцааны хувьд онцгой жил төдийгүй Монголд суух АНУ-ын шинэ Элчин сайдын хувьд нэн таатай цаг үе болж байна. Өнгөрсөн он жилүүдэд бидний харилцаа бат бэх болж хөгжлөө. Манай хоёр улс нийтлэг эрх ашгийн үүднээс хамтран ажиллаж буй олон салбарууд бий. Мөн цаашдаа шинэ хэлбэрээр түншлэх боломжууд ч олон бий. Миний хувьд АНУ ба Монгол Улс цаашид хамтран ажиллах нь нэн чухал гэж үздэг зарим салбар, чиглэлийг энд дурьдахыг хүсч байна.

Бизнесийн боломжуудыг бий болгох

Монголын хувьд нөөцөөр баялаг эдийн засаг болон цаашид өсч тэлэх өргөн боломж нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дэлхийн жишигт нийцсэн АНУ-ын Пибоди Энержи компани Тавантолгойн ордыг ашиглахад голлох үүрэг гүйцэтгэж болох тухай бодол сэтгэл догдлуулж байна. Монгол, АНУ-ын аль алинд нь ашигтай байж болох бизнесийн салбарын хамтын ажиллагааны бусад олон боломжууд байна. Амжилтын нэгэн гайхалтай түүх бол Монгол дахь Катерпилларын дилер “Вагнер Ази” компани юм. Энэ компани Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаас “2011 оны Хөрөнгө оруулалтын элч”, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “2011 оны  шилдэг бизнес эрхлэгч” зэрэг шагналуудыг тус тус хүртжээ. Бид үүнийг “иргэний үүргээ сайн биелүүлж байгаа компани” гэж нэрлэдэг. Вагнерын хувьд тухайн байгаа газартаа барилга байшин барихад хөрөнгө оруулж, дэвшилтэт технологи, сургалт, шилдэг туршлагыг Монголд оруулж иржээ. Компанийн сайн засаглал Монголын эдийн засгийн хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн алхаж чадна гэдгийг Вагнер шиг Америкийн компаниуд батлан харуулдаг. Мэдээж бид Монголын уул уурхайгаас бусад олон салбарт АНУ-ын экспорт нэмэгдэх байх гэж найдаж байна. Худалдаа, бизнесийн харилцаа өссөнөөр Монголд ч, АНУ-д ч ажлын байр бий болгоно.

Олон улсын тавцан дахь гойд сайн хамтын ажиллагаагаа харилцан ашигтай байдлаар улам хөгжүүлэх

Жил бүр явагддаг “Хааны эрэлд” хамтарсан цэргийн сургуулилтыг Монгол Улс зохион байгуулаад яг дуусч байхад буюу бидний хамтын ажиллагаа маш тод томруун харагдаж байгаа цаг үеэр би Монголд ирлээ. Монголын Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд жил бүр явагддаг энэхүү сургуулилт байгалийн болон бусад гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран сургуулилт хийх боломжийг дэлхийн олон орны цэргүүдэд олгодог юм. АНУ-ын Армийн Номхон далайн командлалаас ивээн тэтгэдэг уг сургуулилтыг Монгол Улс зохион байгуулдаг нь бидний түншлэлийн тод томруун жишээ болдог. Монголын энхийг дэмжих хүчин Афганистанаас эхлээд Дарфур, Өмнөд Судан, Баруун Сахар, Чад, Косово, Ирак зэрэг олон газар олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирлээ. 2002 оноос эхлэн Монгол Улс энхийг дэмжих 14 ажиллагаанд 5,600 гаруй энхийг сахиулагчдаа илгээжээ. АНУ болон олон улсын хамтын нийгэмлэг үүнд нэн талархалтай байдаг.

Би ажил амьдралынхаа замналын ихэнх хувийг олон улсын байгууллагуудад АНУ-ыг төлөөлөн, зөрчилдөөнт нөхцөл байдлууд дээр голлон ажиллаж өнгөрүүлсэн болохоор дэлхий дахины чухал асуудлуудаар бидний хамтын эрх ашгийг урагшлуулахын төлөө Монголын талтай хамтран ажиллах боломжийг талархан хүлээж авч байна.

Монголын ардчиллын ба иргэний нийгмийн институцуудыг дэмжин ажиллахаа үргэлжлүүлэх

1990-ээд онд Монгол Улс ардчиллын замыг сонгосон нь үнэхээр гайхамшигтай шийдвэр байлаа. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Монголчуудын олсон ололт амжилт нь ардчилсан системийн үнэ цэнэ, ач холбогдлын чухал бөгөөд цаг үеэ олсон илэрхийлэл болж байна. Улс төрийн намуудын өрсөлдөөн, ил тод, тайван сонгууль, хүний эрхийг дээдлэн хүндэтгэж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг даргалж байгаа зэргээрээ Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн бусад орнуудын хувьд эерэг үлгэр жишээ үзүүлж чаддаг. Энэ зуны эхээр АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улс Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахад нь АНУ дэмжлэг үзүүлсэн билээ. Чуулга уулзалтанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон оролцож, үг хэлэхдээ “Хэрэв та ардчиллын үйл хэрэг хэрхэн явагдаж байгааг, мөн иргэдийнхээ банкны дансыг зузаатгах тухай биш, харин тэднийгээ яаж өөд нь татах тухай санаа зовниж байдаг удирдагчдын хийж буй хөгжил дэвшлийг харахыг хүсч байвал Монголд ирцгээ” гэж хэлсэн юм.

АОХН-ын үйл ажиллагаанаас харагдаж байгаачлан ардчиллыг цогцлооно гэдэг тасралтгүй явагдах өсөлт, өөрчлөлтийн үйл явц байдаг. Түүнээс гадна амжилтанд хүрсэн зах зээлийн эдийн засагтай ямар ч орон нээлттэй, ил тод байдал, сайн засаглал, хариуцлагыг эрхэмлэх ёстой байдаг. Энэ нь бизнесийн байгууллагуудад нэн тустай бөгөөд тэд тухайн эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулахын тулд яг юу шаардлагатай вэ гэдгийг мэдэж авдаг. Өөрийн оронд нь үйл ажиллагаа явуулж буй компаниуд яах ёстой вэ гэдгийг мэддэг байх нь иргэдэд ч тустай. Тэдний үйл ажилллагаа хуульд нийцэхгүй бол иргэд ямар арга хэмжээ авахаа ч бас мэддэг.

Монгол Улс ардчиллаа хөгжүүлж, нээлттэй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг бид мэднэ. Энэ аян замын турш АНУ тууштай тулж түшдэг хамтрагч нь байдгаараа бахархдаг бөгөөд Монголын энэ бүх хүчин чармайлтыг цаашид ч дэмжихэд бэлэн байна.

АНУ-Монголын иргэд хоорондын хэлхээ холбоо

Иргэд хоорондын харилцаа бол хамгийн чухал салбар хэвээр байна. Америк хүн Монголд анх удаа 150 жилийн өмнө ирж байсан баримт байдаг. Одоо олон олон Америкчууд Монголд ирж, илүү олон Монголчууд Америкт зорчдог болжээ. АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөрийн дотор жил бүр АНУ руу боловсролын солилцоогоор Монгол оюутнуудыг явуулдаг Фулбрайт, Хамфригийн хөтөлбөрүүд багтдаг. Жил бүр Энхтайвны корпусын 100 гаруй сайн дурын ажилтнууд Монгол Улсын боловсрол, бизнес, эрүүл мэндийн зэрэг олон салбарт ажилллаж байна. АНУ-ын Төрийн Департаментын Соёлын өвийг хамгаалах элчин сайдын нэрэмжит сангаас Монголд 12 төслийг бараг 1 сая ам.доллараар санхүүжүүлээд байна. Эдгээр төслүүд нь эртний буган чулуун хөшөөнүүдийг хамгаалахаас эхлээд Амарбаясгалант хийдийн дээврийг сэргээн засах хүртэл өргөн хүрээтэй төслүүд байдаг. Бид мөн АНУ-аас жүжигчид, хөгжимчид, киноны уран бүтээлчдийг Монголд авчирч тоглолт хийлгэж, хичээл заалгаж байсан бөгөөд үүнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ. Монголын урлагийн талаарх мэдлэгийг Америкт түгээдэг Монголын Урлагийн Зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах бидэнд таатай байдаг. Бид эдгээр хөтөлбөрөө үргэлжлүүлж, цаашид соёлын болон боловсролын солилцооны шинэ арга замуудыг нээнэ хэмээн итгэж байна. Эцэст нь хэлэхэд, найз нөхрийн хэлхээ холбоогоо хүмүүс насан туршдаа нандигнан авч явдаг билээ.

Би ирээд удаагүй байгаа хэдий ч Монголд шинэ анд нөхөд, хамтран ажиллагсадтайгаа ийм хэлхээ холбоо тогтоож, дурсамжаа бүтээж эхэлж байна. Ирэх он жилүүдэд та бүхэнтэй эдгээр туршлагаасаа хуваалцана гэж итгэж байна.