Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
лтгэл, өгүүлэл болон бусад чухал бичиг баримтууд
 

Улаанбаатар хотын иргэдэд хүргэх ил захидал

Улаанбаатар хотын 373 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотын иргэдэд баяр хүргэе! Монгол улсын нийслэл Улаанбаатар эрч хүчийг мэдрүүлсэн амьд хот, оршин суухад таатай газар юм. Элчин сайдын хувьд Монгол улстай харицах харилцаанд би АНУ-ын Ерөнхийлөгчийг төлөөлдөг боловч миний хувьд, надтай хамт хүчин зүтгэдэг дипломатуудын хувьд энэхүү хот нь бидний орон гэр маань билээ.

373 жилийн ойн баярыг тохиолдуулан АНУ-ын Засгийн газар Нийслэл хот болон нийслэлийнхэнтэй хамтран ажилладаг зарим салбарыг энд тэмдэглэмээр байна.

Нийслэл хот маань өвөлтэй золгож байна, дулааны хэрэгцээ, мөн агаарын бохирдол ч айсуй өвлийг дагаад ихэсдэг билээ. Мянганы Сорилтын Корпораци (МСК) Монголын Мянганы Сорилтын Сангаар (МСС) дамжуулан нүүрсээр дулааныхаа хэрэгцээг хангадаг айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй зуухыг худалдан нийлүүж ирсэн билээ. МСС энэхүү зуухыг хямдралтай үнээр нийлүүлж, одоогийн байдлаар уг төслийн үр шимийг нийслэлд оршин суугаа 92 мянга гаруй айл өрх хүртэх боломжтой болсон байна. МСК-ын компакт гэрээний дагуух Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд сургалтын гурван байгууллагыг сэргээн засварлаж, шинэ тоног төхөөрөмжөөр ханган, олон арван чадварлаг мэргэжилтэнгүүдийг бэлтгэн гаргажээ. Гэрээний бас нэг төсөл болох эрүүл мэндийн төслөөр нийслэлийн клиник, зарим эмнэлэгүүдийг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангахын сацуу хөх, умайн хүзүүний хавдрыг илрүүлэх аргыг боловсронгуй болгох кампанит ажлыг МСС-гийн зүгээс явуулж байна.

АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгчдийн холбоо, төгсөгчдийн оруулж буй хувь нэмрээр нь Элчин сайдын яам бахархалтай байдаг билээ. АНУ-ын ЗГ-ын тэтгэлгээр төгсөгчдийн “Хөгжлийн Элч” холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг онцолсоор нилээд хэдэн жил боллоо. Холбооноос ойрын үед хэрэгжүүлсэн төсөл гэвэл хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрлөх чадвар, хүсэлтэй иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбож өгсөн цахим хуудсыг нэрлэж болох юм. Мөн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх (FIELD) төслийг хэрэгжүүлж байна. 2011 онд Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос иргэдэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 95 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлүүлэх таатай нөхцлийг бий болгож чадахгүй байгаа гэж дүгнэжээ. Гэхдээ Улаанбаатар хотын засаг захиргааны оролцоотойгоор энэ тал дээр ахиц дэвшил гарч, тэдгээр иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ нэмэгдсээр байгаа билээ. “Хөгжлийн Элч” холбооноос тэргэнцэртэй иргэдийн нэвтрэх боломжийг хангаж өгсөн газруудыг өөрсдийн нээсэн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлж байхаар болсон байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй өөр нэг төслийн хүрээнд хэд хэдэн сургуулийг эрчим хүчний хэмнэлтэт техник технологиор тоноглон тохижуулсан ба энэ нь бага хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах төдийгүй тус сургуулиудын зардлыг бууруулах үр ашигтай. Эдгээр сургуулиудын нэг нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангахад чиглэгдэх 63-р дунд сургууль юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү сургуулийг нээж  тууз хайчлахдаа үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа.       

АНУ-ын Энхтайвны Корпусын сайн дурын ажилчид энэ мэт хүнд чиглэсэн үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулдаг. 1991 оноос хойш Энхтайвны Корпусын сайн дурын 1000-аад ажилчин монголчуудад үйлчилсэн. Одоогоор өндөр хэмжээнд бэлтгэгдэж сургагдсан, идэвх санаачлагатай 141 сайн дурын ажилчид Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ба тэдгээрийн 15 нь Улаанбаатарт ажиллаж байна. Эдгээр сайн дурын ажилчид боловсрол, эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн салбарт ажиллаж байна. 

Мөн саяхан Улаанбаатар хотын Амбан Захирагчаар томилогдон ажиллаж байгаа ноён Э. Бат-Үүлд хотын зам тээврийн тулгамдсан асуудлаар шаргуу ажиллаж байгаад нь талархалаа илэрхийлмээр байна. Зам тээвэр нь өөрөө нэг талаараа хөгжлийн эхлэл болдог ба өнөө цагт илүү олон хүн хувийн машин хөлөглөж, эдийн засийн огцом өсөлтийг дагаад нийслэлд ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна.

Ажилдаа машинаар явдаг хүн бүр замын хөдөлгөөний зохицуулалт нь шийдвэрлэхэд нилээд төвөгтэй асуудал гэдгийг мэдэх байх. Тийм болохоор хотын дарга, ажиллагсад болон замыг засварлан шинэчилж буй, замын хөдөлгөөнийг зохицуулж буй ажилчдын энэ их хичээл зүтгэлийг үнэлэхгүй, бас талархахгүй байхын аргагүй юм.           

Эцэст нь Улаанбаатар хотын оршин суугч та бүхнийг Улаанбаатар Хотын Номын Санд байрлах Америкийн Соёлын Төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус төвд ирж Америк кино үзэж, англи хэл дээр ном сонин уншиж, үнэгүйгээр WiFi интернет ашиглан англи хэлний мэдлэгээ өргөжүүлэхийг уриалж байна. Бидэнд энэхүү төвийг ажиллуулах боломж олгосон Улаанбаатар хотын номын сангийн хамт олонд талархал илэрхийлье. Манай Соёлын Төв дээр олон нийтийн хурал цуглаан хийх, үзэсгэлэн гаргах боломжтой ба сонирхсон байгууллага хамт олон Соёлын төвтэй, эсвэл номын сантай холбогдож болох юм.

Цаашид хамтран ажиллах олон он жилүүд бидний өмнө байна. Ойг тохиолдуулан баяр хүргээд ирээдүйн хамтын ажиллагаандаа амжилт хүсэж сайн сайхныг ерөөе! 

Хүндэтгэсэн,
Элчин Сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл