Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Ногоон Картны Сугалаа

НОГООН КАРТНЫ СУГАЛАА 2014

2014 оны ээлжит Ногоон картны сугалааны бүртгэл 2012 оны 10 сарын 2-ноос 11 сарын 3 хvртэл явагдаж дуусна. Та энэ сугалаанд бvртгvvлэхийг хүсвэл АНУ-ын Төрийн департаментын www.dvlottery.state.gov вэб сайт руу орж электрон хэлбэрээр бvртгvvлэх шаардлагатай. Сугалааны монгол хэл дээрх зааврыг эндээс үзнэ үү.

Ногоон Картны Сугалаа 2014

Жил бүр Төрийн Департаментаас Ногоон Картны сугалааг зохион байгуулж, 50000 орчим хүнд цагаачлалын виз мэдүүлэх эрх олгодог. Сугалааны тохирлыг компьютерээр явуулдаг ба бүртгүүлэхэд ямар нэгэн хураамж авдаггүй.  Уг сугалааг хожигсод цагаачлалын виз мэдүүлэх эрх олж улмаар АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах боломжтой болдог.
Ногоон картны сугалааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн Департаментаас зориулан гаргасан www.dvlottery.state.gov хуудаснаас авна уу. 

Бүртгүүлэх журам:

Ногоон картны DV-2014 сугалаа 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр АНУын Зүүн бүсийн өдрийн цагийн бүсийн (ETD) (GMT-4)12.00 цагаас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын Зүүн бүсийн өдрийн цагийн үдийн 12.00 цагт дуусна. Уг сугалаанд оролцохыг хүсэгчид http://www.dvlottery.state.gov/ хаягаар онлайн бүртгүүлнэ.

2013 оны 5 сарын 1-нээс эхлэн та www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж бүртгүүлсэн дугаараараа өөрийгөө шалгарсан эсэхийг шалгаж үзэж болно.  Шалгарсан  хүмүүс Entry Status Check дээр байгаа зааврыг дагах хэрэгтэй ба дараа нь тэдэнд визний ярилцлаганд орох цаг товлогдсон талаар и-мэйл хүлээн авна.  Гэхдээ энэ и-мэйлд визний ярилцлаганд орох өдөр цагийг тодорхойлон мэдэгдэхгүй харин Entry Status Check рүү орж визний ярилцлаганд орох өдөр цагаа харахыг зөвлөсөн байх болно.

Гэр бүлийн хүмүүс доорх шалгуурыг хангасан бол тусдаа бүртгүүлж болно. Гэхдээ хэн бүртгүүлснээс үл хамааран нэг хүн НЭГ-ээс олон удаа бүртгүүлсэн бол бүх бүртгэл хүчингүй болохыг анхаарна уу.

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд доорхи 3 шалгуурыг заавал хангасан байх ёстой:

  1. Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх.
  2. Тодорхой шатны боловсрол эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх.
  3. Цагаачлалын визний бусад шалгуурт тэнцэхүйц байх.

Хураамж:

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд ямар нэгэн төлбөр хураамж байхгүй ч сугалаанд хожигсод цагаачлалын виз мэдүүлэхдээ хүн тус бүр 330 ам.долларыг АНУ-ын ЭСЯ-д төлөх ёстой.  Хураамжийг Консулын хэлтсийн кассанд доллар эсвэл түүнтэй дүйцэх төгрөгөөр зөвхөн бэлэн мөнгөөр төлнө. АНУ-ын мөнгөн тэмдэгт хүлээж авах журмыг эндээс (PDF 87KB) харна уу. Энэхүү хураамж нь буцаан олгогдохгүй журамтай.  Иймд сугалаанд бүртгүүлэх, цагаачлалын виз мэдүүлэхээсээ өмнө өөрийн зүгээс боловсрол мэргэжил, эрүүл мэнд, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаараа визний шалгуур хангаж чадах эсэхээ сайтар бодолцох хэрэгтэй.

Хууль бус үйлдлээс сэргийлээрэй:

Хүмүүсийн АНУ-д ажиллаж, амьдрах хүслийг далимдуулан мөнгө олох зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулдаг олон хувь хүн, компаниуд байдаг. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд доорхи мэдээллийг анхаарна уу:

  • Ногоон картны сугалаанд оролцоход хураамж төлөхгүй. Та өөрөө www.dvlottery.state.gov вэб хаягаар орж бүртгүүлж болно.
  • Таны сугалаанд хожих боломжийг хэн ч нэмэгдүүлж чадахгүй.
  • Хожлыг тохиолдлын журмаар, комьютэрээр тааруулдаг учир үүнд хэн ч нөлөөлөх боломжгүй.
  • Нэг хүн сугалаанд нэг л удаа бүртгүүлнэ. Хэрэв та нэг жилийн дотор нэгээс дээш удаа бүртгүүлбэл бүх бүртгэл хүчингүй болно.
  • Консулын Алба Ногоон картны сугалаанд шалгарсан тухай мэдээллийг цахим шуудангаар хэзээ ч явуулдаггүй гэдгийг Төрийн департаментаас онцгойлон анхааруулж байна.   Өмнө нь сугалаанд шалгарсан тухай мэдээллийг зөвхөн шуудангаар болон буухиа шуудангаар хүргэж байсан.  2014 оны Ногоон картны сугалаанд шалгарсан тухай мэдээллийг зөвхөн Entry Status Check системээс буюу E-DV http://www.dvlottery.state.gov вэб хуудаснаас шалгах боломжтой боллоо.
  • Сугалаанд шалгарснаа Entry Status Check систем рүү орж шалгаад мэдэгдэлд хариу өгсөн хүмүүст л Төрийн департаментаас цахим шуудангаар хариу захиа явуулна.  Энэ захианд шалгарсан хүмүүст зөвхөн цагаачлалын визний цагийн тов  Entry Status Check дээр байгаа гэдгийг л мэдэгдэх болно.  Үүнээс өөр нэмэлт зүйл мэдэгдэхгүй ба төлбөр төлөх, виз мэдүүлэх өдөр, цагийн талаарх зэрэг мэдээллийг агуулахгүй болно. 
  • Хэн нэг гадны хүнээс туслалцаа авах нь илүүц зардал болох төдийгүй буруу мэдээлэл бүртгэгдэх, улмаар сугалаанд оролцох шаардлага хангахгүй хасагдах, сугалаанд шалгарсны дараа визэнд ороод виз нь татгалзагдах зэрэг уршиг дагуулж болох юм.
  • Зарим нэг ухамсаргүй виз зуучлагчид сугалаанд оролцогчдын хаягийн мэдээлэлд өөрсдийн хаягийг тэдэнд мэдэгдэлгүйгээр оруулсан тохиолдол гарч байсан. Энэ тохиолдолд тухайн хүн  сугалаанд хожвол шалгарсан тухай мэдэгдэл нь шалгарсан хүнд биш зуучлагчид очих ба зуучлагч дараа нь хожсон хүнд мэдэгдлийг нь дамжуулж өгөхдөө оронд нь мөнгө нэхэх, эсвэл ямар нэг хууль бус үйлдэл хийхийг шаарддаг байв.
  • Төрийн департамент ийм зохисгүй үйлдэл - интернэт залиланг зогсоох зорилгоор интернэт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай ажиллах тусгай хэлтсийг томилон ажиллуулж байна.

Хуурамч, хууль бус үйлдлээс сэргийлэх анхааруулга болон интернэт залилангийн талаарх мэдээллийг http://travel.state.gov/visa/immigrants/types/types_1749.html  вэб хуудаснаас авна уу.

Мөн виз болон ногоон картны сугалаатай холбоотой хууль бус үйл ажиллагааны талаар UlaanbaatarFPU@state.gov  хаягаар мэдээлэл илгээж болно.

Adober Reader

  • Үнэгүй татах
    Үнэгүй татах

    Энэ хуудсан дээрх татаж авах боломжтой бүх материалууд нь PDF форматаар байх бөгөөд нээхийн тулд танд Adobe Acrobat Reader байх ёстой. Та дээрх холбоосоос үнэгүй хувилбарыг татаж авах боломжтой.